Итгэл найдвар өгсөн түүх

Намайг Х гэдэг. Би 18 настай. Надад тохиолдсон, миний амьдралыг өөрчилсөн нэгэн явдлаас би та бүхэнтэй хуваалцъя. Би 2020 оны 1-р сард найзтайгаа хамт Хятад руу явах гээд урд хилийн боомт дээр ирсэн юм. Паспортоо шалгуулах гээд хүлээгээд зогсож байтал хоёр эмэгтэй бид хоёр дээр ирж асуумж бөглөх санал тавив. Биднийг хаашаа, ямар зорилготой явж байгааг асуухад нь би хамаг мэдээллээ тэдэнд өгөхгүйн тулд “Бээжин рүү аяллаар” гэж хариуллаа. Нөгөө эмэгтэй миний паспортыг шинэ байгааг хараад анх удаа явж байгааг минь мэдсэн бололтой “Хүний наймааны талаар сонсож байсан уу?” гэж асуув.

 

Би түүнд мэдэхгүй гэж хариуллаа. Тэгтэл тэр биднийг тусдаа өрөөнд ярилцахыг уриад дагуулж явав. Араас нь явж байх зуур манай найз надад бүх юмаа ярьж болохгүй шүү гэж шивнэсэн болохоор нөгөө эмэгтэйг асуулт асуухад бид хоёр худал хэлсээр байв. Тэгээд бид хоёрын яриа зөрж байсан учир өнөөх эмэгтэй надаас “Гэр бүлийнхэндээ хэлсэн үү? эгчдээ ээжийнхээ утсыг өгөөч” гэж асуув. Би өгмөөргүй байсан ч миний аюулгүй байдлын төлөө ээжтэй минь ярих хэрэгтэй байна гэсэн болохоор би дугаарыг нь түүнд өгөв. Ээжтэй маань ярихад мэдээж манай ээж маш их гайхсан яагаад гэвэл би түүнд Хятад руу явах тухайгаа огт хэлээгүй байсан. Би ээжтэй ерөөсөө ярилгүйгээр энэ шийдвэрийг гаргаад явах гэж байлаа. Тэгээд би ээждээ Бээжинд сурангаа ажиллах болсон гэдгээ хэлтэл ээж маань дургүйцэж дахин дахин битгий яваач гэж надад хэлэв. Биднийг зогсоосон эмэгтэй найзын маань ээжтэй бас холбогдоход бид хоёр хамаг төлөвлөгөөг маань нурааж биднийг гэрийнхэнд маань бариулж байгаа тэр эмэгтэйд уурлав.

 

Тэнд байсан хоёр эмэгтэй хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг Анбаунд Монгол нэртэй байгууллагын ажилтнууд байлаа. Тэд биднийг тайвшруулаад “Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх өндөр эрсдэлд байгаа учираас миний хоёр дүү явах шийдвэрийнхээ талаар дахин нэг бодоод үзээч” гэлээ. Манай найз явахыг хүсэж байсан ч би хүний наймааны талаар сонсоод эрсдэлд байгаагаа мэдсэн учир ер нь үлдсэн нь дээр юм байна гэж бодлоо. Уул нь тэнд очиж ажил хийж мөнгө олох хүсэлтэй байсан юм. Үүний дараа тэр хоёр эгч манай найз бид хоёрт хоол болон хот руу буцах билет авч өглөө.

Би ээжтэйгээ хөдөө амьдардаг байсан юм. Харин жилийн өмнөөс би хотод сурангаа хоолны газарт зөөгч хийж хамт явж байгаа найзтайгаа танилцан хамт байр түрээслэх болсон юм. Бид хоёрын ажилладаг хоолны газрын гадаад эзэн бидэнд ажил санал болгож зардлыг маань даасан юм. Хоолны газарт нь жил ажилласан болохоор бидэнд ийм боломж олдлоо бас хамтдаа явах болохоор гайгүй байх гэж бодоод бид хоёр явах шийдвэр гаргасан юм. Ямар ажил гэдгийг тодорхой хэлээгүй ч захирал маань өөрөө түрүүлээд Эрээн рүү гарч бид хоёрыг Бээжин авч явахаар тохиролцсон байсан. Би гэрээсээ баримт бичгээ хэлэлгүй авч Хятад явах гэж байгаад баригдсан нь энэ байв. Захирал маань уурлах байхдаа гэж би санаа зовсон ч тэр оройн вагоноор хот руу буцлаа. Маргааш нь Анбаунд Монгол байгууллагын ажилтнууд биднийг тосож авч хамт биднийг ямар эрсдэлд байсныг ойлгуулсан төдийгүй бид цагдаагийн газарт очиж мэдүүлэг өгсөн юм.

 

Хэдийгээр явах төлөвлөгөө маань бүтээгүй ч гэсэн намайг хүний наймаанд өртөхөөс хэдхэн алхамын өмнө хил дээрээс буцааж эрсдлээс хамгаалж өгсөн Анбаунд Монголын эгч нарт би үнэхээр их талархаж явдаг. Хэрвээ би тэр үед хилээр нэвтэрч цааш явсан бол ямар аймшигтай нөхцөл байдалд байх байсныг одоо ч төсөөлөхөөс айдаг. Тэрний дараахан цар тахал гарч хил хаагдахад би тэр үед яваагүйдээ үнэхээр их талархсан. Эх орондоо буцаж ирэх боломжгүй, хүнд нөхцөлд мөлжлөгийн золиос болох байсан намайг хамгаалсан та бүхэнд маш их баярлалаа. Ажилд нь амжилт хүсье!