Хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг миний оролцоо

Саяхан л даа … Автобусанд явж байтал халамцуухан унтаж байсан ахын утсыг настайвтар ах авж байхыг харчихваа. Яг миний нүдэн дээр  болоод  өнгөрсөн  болохоор өөрийн мэдэлгүй “ахаа утсыг  нь буцаагаад өгөөч ээ. Нас намбатай хүн байж яасан муухай юм бэ” гээд хэлчихлээ. Гэхдээ ингэж хэлсэнийхээ төлөө би тэр хүнээр амьдралдаа сонсож байгаагүй муухай үгээр хараалгасан. Надад үнэхээр гомдолтой байсан. Би буруу зүйл хийж байгааг нь л хэлсэн төдий, гэтэл яагаад ингэж хүнээр доромжлуулж заналхийлүүлэх ёстой гэж. Гэхдээ миний хамгийн их гомдсон зүйл бол ажил тарах цагаар гэрлүүгээ яарч байсан тэр автобус дүүрэн хүн… Яагаад нэг нь ч болтугай “боль” гэж хэлж болоогүй юм бэ? Яагаад нэг нь ч болтугай “Энэ хүнийг автобуснаас буулга” гээд хэлчихэж болоогүй юм бэ? Би үүнд л үнэхээр их гомдсон. 

Буруу харж зогссон ахад, утсаа ширтэж зогссон эгчид, унтаж байгаа царайлаад суух залууд, би бүгдэнд нь үнэхээр гомдсон. “Би”-л болж байвал бусад нь яахав гэдэг үзэл л өнөөдөр манай нийгмийн хамгийн “ТОМ” асуудал болоод байгаа гэдгийг тэр өдөр л ойлгосон. Миний утсыг хулгайлаагүй л бол болоо, намайг ингэж харааж зүхээгүй л бол болоо би л хүчирхийлэлд өртөөгүй бол, миний хүүхэд л гэмт хэргийн золиос болоогүй бол…Үнэхэээр…тийм гэж үү? Миний оронд таны эхнэр, таны охин, таны дүү байсан бол яах вэ? Би хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг сайн дурын ТББ-д явдаг, тиймдээ ч надад ингээд хэлэх зориг гарсан байх гэж боддог. Тэр өдөр тохиолдсон явдал яг үнэндээ надад маш хүндээр туссан. 

Нүдэн дээр илээс ил тод болсон иймхэн зүйл дээр бид биенийхээ төлөө ганц үг амнаас гаргаж чадахгүй амиа хичээж байхад далдуур болдог хүний наймааны гэмт хэргийг магадгүй зарим нь бүр мэдэхгүй, зарим нь мэддэг ч сонирхдоггүй байх. Тиймээс, өөрөө өөртөө нэг амлалт өгсөн нь “үргэлж өөрийгөө хүндэлж бай”. Өөрийгөө хүндлэх гэдгийг би өглөө болгон яарч байсан ч өглөө бүр өглөөний цайгаа уугаад, өөрт таалагдсан хувцасаа өмсөөд тохирсон хэмжээнд нүүр будалтаа хийгээд гарах гэж боддог. Өөрийгөө хүндлэх гэдгийг түгжрэлийн цагийг тооцоолоод эрт гарч, товлосон цагтаа хичээлдээ очих гэж боддог. 

Гудамжинд нус цэрээ хаяхгүй байх, бусдыг муухай үгээр доромжлохгүй байх бас хэн нэгэн надад тусалсан бол “Баярлалаа” хэрэв буруу зүйл хийсэн бол “Уучлаарай” гэж хэлэх, хэрэв над шиг тусламж хэрэг болсон хүн тааралдвал эргэлзэлгүй тусалж байх, зөв зүйл хийснийхээ төлөө хэзээ ч харамсахгүй, бусдаас айж эмээхгүй байх гэж би ойлгосон. Тиймээс цаашдаа ч энэ бяцхан амлалтандаа хүрэхийн тулд хичээх болно. Энэ бол дүр эсгэлт биш, бусдад таалагдах гэсэн оролдлого ч биш. Би өөрийгөө хүндэлж байгаагийн илрэл. Ингэж байж л би бусдад шаардлага тавих эрхийг өөртөө олгоно. 

<<Хэнри Форд “Хэрвээ та чадна гэсэн бол таны зөв та чадна, чадахгүй гэсэн бол энэ ч бас таны зөв та чадах байсан ч чадахгүй”>>гэж хэлсэн байдаг. Залуус, бидний хүний наймааны гэмт хэрэгтэй тэмцэхэд хамгийн том хувь нэмэр, оролцоо бол үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шаардлага тавих… Энэ нийгмийн хөдөлгөгч хүч бол залуучууд бид . Өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээс тийм дээ ч бид үлгэр дуурайлал болох ёстой. Энэ нь таны төсөөлсөн шиг тийм том байх албагүй. Зүгээр л өдөр тутамдаа тохиолдож байгаа шударга бус зүйлүүдтэй эвлэрээд, амаа хамхиад өнгөрөх биш, шаардлага тавьдаг байх хэрэгтэй.

 Хөрш айлд чинь хүүхэд уйлж, эхнэр нь айн хашгирч байвал эргэлзэлгүй хаалгыг нь тогш, шаарлагатай бол цагдаа дуудах эрх нь ч, үүрэг нь ч таньд бий. Хулгай хийж байгааг харсан бол шууд хэл, та чимээгүй өнгөрөөснөөр хулгайчийг улам өөгшүүлж байна.<<Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон Автобусанд, олон нийтийн газар охид эмэгтэйчүүдийн биед зөвшөөрөлгүй хүрж байгааг харсан бол заавал туслаарай, магадгүй хэн нэгнийг хүчирхийллийн золиос болохоос аварч чадах ч юм билүү.>> Аливаа ажлыг авлигалаар биш, өөрийн хөдөлмөр зүтгэлээр бүтээгээрэй. Байнга улс төр гээд орилоод байхгүй дөрвөн жилд нэг л удаа олддог сонголтоо өөрийн зөв гэж бодсон хүндээ өгөөрэй. 

Учир нь таны сонголт ирээдүйн үр хүүхэд, дүү нарын тань амьдрах нийгмийг бий болгоно. Иргэн манлайлагч бол улс манлайлагч билээ. Энэ бол та бусдыг биш өөрийгөө л хүндэлж байна гэсэн үг.Бусдад нөлөөлөх гэж хичээж байснаас зүгээр өөртөө л өөрчлөлт бий болгох хэрэгтэй. Ингэж чадвал таны найз нөхөд, гэр бүл, хамт олон таниас үлгэр дуурайлал авна. Тэд мөн цааш нь түгээнэ. Энэ бол тасралтгүй гинжин холбоо л гэсэн үг. Бидний нийгэм ингэж л бий болдог, хэн нэгний гэр бүл, найз нөхөд, хамт олон… Энэ бол бид.

                                                                                           “Анбаунд Монгол” ТББ-ын сайн дурын гишүүн Д. Минжмаа