ХҮҮХЭД ТАНЬ ГЭРТЭЭ АЮУЛГҮЙ БАЙГАА ЮУ?

Дэлхий нийтийг цочроож байгаа Ковид-19 халдварын дэгдэлтээс үүдэж дэлхий зогсонги байдалд ороод байна. Олуулаа нэг дор цугларч уулзах боломжгүй болсон энэ цаг үед бүхий л байгууллага, сургууль, цэцэрлэгүүд цахим орчинд орчин үеийн техник технологийг ашиглан зайнаас ажиллаж, суралцаж байгаа. Сурагчид маань гэртээ онлайнаар хичээлээ үргэлжлүүлэн судалж янз бүрийн техник төхөөрөмжтэй харьцаж байгаа учир эцэг эхчүүд бид хүүхдийнхээ цахим ертөнц болон интернет хэрэглээний тал дээр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Бүх зүйлс сайн болон муу, давуу болон сул талтай байдаг. Бидний хүүхдүүд, дүү нар цахим орчинд хичээлээ үргэлжлүүлэн судалж байгаа нь сайн ч нөгөө талаар интернетэд байдаг их хэмжээний сөрөг, муу материалуудыг ч үзэх боломжтой. Интернет орчинд хүүхдүүд санамсаргүй өртөх боломжтой дараах 2 асуудал бий. Энэхүү нийтлэлдээ тэдгээрийн талаар дэлгэрэнгүй тайлбарлах болно.

  1. Хүүхдүүдийн хувьд интернетэд өнгөрөөх цаг нь ихсэх тусам тэдний онлайн байгаагаар далимдуулан муу хүмүүс (интернет ангууч нар) тэднийг хохирогч болгох эрсдэл ихсэнэ.
  2. Илүү их цагийг электрон төхөөрөмжинд зарцуулах нь порнограф үзэж эхлэх магадлалыг, боломжыг нэмэгдүүлнэ.

Интернетээр ангуучлах нь бидний бодохоос ч илүү тархацтай бөгөөд түгээмэл байдаг зүйл. Нэгэн судалгаанд зориулж BARK (цахим хэрэглээг хянадаг аппликейшн)-ын төслийн дарга 37 настай Рүү Повэл гэгч эмэгтэй хэд хэдэн өсвөр насны охидын хуурамч хаяг нээжээ. Нэгхэн долоо хоногийн дотор түүний Бейлий гэх 11 настай охины хуурамч хаягруу 52 эрэгтэй холбогдож, ихэнх нь гаж, садар самуун агуулгатай мессеж илгээсэн байна. Яг юу энэ 11 настай охиныг интернетээр ангуучлагчдын гол бай болгосон бол? Тэр ил задгай хувцаслан авахуулсан селфигээ постлосон уу? Тэр ямар нэгэн пост бичиж хөгшин эрчүүдтэй харилцах сэдэл төрүүлсэн үү? Хариулт нь үгүй юм. Тэдгээр эрчүүдийн нүдэнд өртсөн ганц зүйл нь Бейлий гэх охины эмзэг байдал юм. Интернетээр ангуучлагчид нийгмийн сүлжээ болон видео тоглоом зэргийг ашиглан эмзэг байдал сул талаа харуулж хуваалцсан залуу хүмүүсийг ялангуяа хүүхдүүдийг ийнхүү агнаж байдаг.

Эмзэг байдал нь тэдний нас, өөрийгөө үнэлэх үнэлэмж, эцэг эх болон найз нөхдийн харилцаа, сэтгэл санаа бие махбодын хэрэгцээ ч байж болно. Хамгийн гол нь залуу охид хөвгүүд тэдгээр зүйлсээ цахим орчинд тоочиж зураг хувийн мэдээллээ постлосноор өөрсдийгөө эрсдэлд оруулж байдаг.

Интернетээр ангуучлагчид Инстаграм, Фэйсбүүк гэх мэт алдартай нийгмийн сүлжээний аппуудаар тэнүүчилдэг ч мөн, Снэпчат, Тик ток зэрэг аппуудыг ашиглан залуу охид, хөвгүүдтэй чатлахаар зэхэж байдаг. Мөн тэд интернет видео тоглоомд байдаг чат болон ярилцах боломжуудыг ашигладаг. Ингэхдээ тэд харилцан яриа өрнүүлж, итгэлийг нь олохын тулд тоглоомонд нь тусалж дараа нь зохисгүй зураг бичлэгээ явуулж эхэлдэг.

“Сүүлдээ, танихгүй хүнтэй ярьж байгаа мэт санагдахгүй, харин итгэлийг нь олсон найзтайгаа ярилцаж байгаа мэт санагдана.”

Тодорхой хугацаанд харьцсаны дараа элсүүлэгч болон хүн худалдаалагчид энэ зүйлийг дараагийн шатанд нь аваачдаг: яваандаа бэлгийн харилцааны талаар нээлттэй бичдэг болж, заналхийлсэн харилцаа үүсгэж, эцэст нь хүүхдүүдийг хүчээр болон хууран мэхлэх замаар бэлгийн мөлжлөгт оруулдаг. Хүүхдийн итгэлийг олох үйл явц нь цаг хугацаа өнгөрөхөд аажмаар явагддаг. Сүүлдээ, нөгөө хүүхдэд танихгүй хүнтэй ярьж байгаа мэт санагдахгүй, харин итгэлийг нь олсон найзтайгаа ярилцаж байгаа мэт санагдана.

Элсүүлэгч болон хүн худалдаалагчдын бай болох аюулаас гадна хүүхдүүд онлайнаар санаандгүй порнограф олж үзэж мэднэ.

Порнограф бол хүний тархинд ялангуяа танин мэдэхүйн шатандаа яваа хүүхдийн тархинд хор хөнөөлтэй, садар самуун, хүнлэг бус гаж зүйлсийг харуулдаг бичлэг юм. Хүүхэд багаасаа порно үзэж эхэлснээр өөртөө итгэлгүй, зожиг, огцом уурлаж уцаарладаг болох бөгөөд энэ нь хүүхдийн сэтгэн бодох чадвар болон өөрийгөө илэрхийлэх чадварт муугаар нөлөөлөх боломжтой.

“Шинэ мансууруулах бодистой тэмцье” (порногийн эсрэг аян) твиттер дагагчдаасаа анх хэдэн насандаа порно үзэж байсныг асуун судалгаа явуулахад зарим нь анх 6 настайдаа садар самуун зураг эсвэл видео үзэж байсан гэжээ. Ихэнх нь 8-аас 13 насандаа үзэж эхэлсэн гэж хариулжээ. Хүүхдүүд багаасаа ухаалаг утас, таблет, эсвэл бусад технологийг интернетэд холбогдон ашиглах нь тэдний порнограф үзэж эхлэх эрсдлийг нэмэгдүүлж байна. Энэ нь дэлгэцэн дээр гарч ирдэг сурталчилгаа, утасны тоглоом, хууль бус кино сайтаар болон бусад пейж холбоосоор, нийгмийн сүлжээгээр эсвэл найзынх нь явуулсан линкээр ч гарч ирэх боломжтой. Порно нь хориотой сэдэв байх хандлагатай байдаг тул олон хүүхэд тусламж авахын оронд порно үзсэн гэдгээ нууж, яваандаа өөрийн эрхгүй автаж, донтолтыг бий болгох боломжтой.

“Порнограф нь дэлгэцэн дээр гарч ирдэг сурталчилгаа, утасны тоглоом, хууль бус кино сайтаар болон бусад пейж холбоосоор, нийгмийн сүлжээгээр эсвэл найзынх нь явуулсан линкээр ч гарч ирэх боломжтой”

Олон нийт коронавирусын тархалтыг зогсоохын төлөө хичээж буйн адил бид ч мөн порно гэдэг вирусээс хүүхдүүдээ хамгаалж, тэдний онлайн ертөнц дахь аюулгүй байдлыг хангах боломжтой. Хорио цээрийн энэ үеэр технологийг ашиглаж байгаа хүүхдүүдээ аюулгүй байлгахад туслах 4 аргыг бид та бүхэнд бэлдлээ.

1. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцах

Хүүхэдтэйгээ интернет хэрэглээнээс үүсч болзошгүй аюулын талаар ярилцах. Интернэт өөрөө асуудал биш харин интернетэд буй аюулгүй, сайн найз мэт дүр эсгэсэн далд санаа агуулсан хүмүүс гол асуудал юм. Хүүхдүүдтэйгээ ярилцахдаа интернет эсвэл хүмүүсээс айх хэрэггүй тэгэхдээ аливаа төхөөрөмж заавартай байдгийн адил технологийг хэрхэн болгоомжтой хэрэглэх хэрэгтэй талаар хуваалцаарай. Хүүхэддээ интернетэд танихгүй, огт харж байгаагүй хүнтэй чатлах нь аюултай гэдгийг мөн гэрийн хаяг, сургууль, хичээлийн хуваарь зэрэг хувийн мэдээллээ интернетэд хуваалцахгүй байх нь чухал гэдгийг тайлбарлаж өгөөрэй. Хэрэв тэд ямар нэгэн таагүй зүйл эсвэл таагүй мессеж харвал таньтай тэр тухайгаа нээлттэй ярилцах хэрэгтэй гэдгийг сануулаарай. Та сонсох болно, уурлахгүйгээр туслах болно гэдгээ ойлгуулаарай. Зөв сайн санаа агуулж байгаа хүн хэзээ ч тэдэнд аливааг эцэг эхээсээ нууцла гэж хэлэхгүй болохыг заагаарай.

2. Зөв хэрэглээг хэвшүүлэх

Үүнээс гадна та бүхэн гэртээ өнгөрүүлж буй хугацаандаа мөрдөх гэр бүлийн медиа хэрэглээний дүрэмтэй болох хэрэгтэй. Жишээлбэл хүүхэд өрөөндөө ганцаараа утас, компьютертай үлдэхгүй байх, харилцан ярилцдаг видео тоглоом тоглож байгаа тохиолдолд чихэвч зүүхгүй байх, 8 цагаас хойш утас оролдохгүй гэх мэт гэр бүлээрээ хамтдаа гэрээсээ сурч, ажиллаж байгаа цагаа хэрхэн өнгөрүүлэх талаар шийдвэр гаргаарай. Хэрвээ эцэг эх нь утсаа ширтээд хүүхдэдээ анхаарал халамж тавьж чадахгүй байвал хүүхдийг тань интернетэд үзэж харж буй зүйлс нь л хүмүүжүүлнэ. Тиймээс гэр бүлийн дүрэмтэй болж түүнийгээ хамт дагаж мөрдөх нь хүүхдийн хувьд аюулгүй орчинг бүрдүүлж өгнө.

3. Технологийг ашиглан хяналтаа нэмэгдүүлэх

Та хүүхдийнхээ онлайн орчинг аюулгүй байлгаж хяналтаа нэмэгдүүлэхийн тулд Covenant Eyes, BARK зэрэг аппуудыг ашиглаж болно. Мөн та

  • Google Family Link
  • Famisafe
  • Parental Control – Ourpact
  • Parental Control – Qustodio зэрэг аппуудыг, хэрэв iphone гар утас ашигладаг бол Family sharing хэрэглүүрийг үнэ төлбөргүй ашиглах боломжтой. Ингэснээр хүүхэд тань ямар нэгэн аппликейшн татах үед эцэг, эхийн зөвшөөрөл авдаг байхаар тохиргоог өөрчлөн хяналтыг нэмэгдүүлэх боломжтой. Вэбсайтуудыг ч мөн блоклох боломжийг олгоно.

4. Тайван бай, ярилц, тусла

Хэрэв хүүхэд тань аюултай хүнтэй харилцаж, зохисгүй зураг дүрс бичлэг, порно агуулсан мессеж хүлээн авсан тохиолдолд, тэр талаар та олж мэдвэл БИТГИЙ САНДРААРАЙ. Тайван байж хүүхдийнхээ ярилцаж болох тэр аюулгүй хүн нь байгаарай. Мөн зарим тохиолдолд тэдгээр зураг дүрс бичлэг нь хүүхдийг тань хамгаалах хууль эрх зүйн байгууллагад туслах нотлох баримт болдог тул шууд устгахгүй байсан нь дээр. Шаардлагатай бол та хууль бус үйлдлийг ЦЕГ-ын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээллээрэй.

БАРК апп-ын талаар Рүү Повелл хэлэхдээ “Технологи хувисан өөрчлөгдөж хүний наймаачдын хүүхдүүдийг олж, харилцаа үүсгэж, хохироох арга ч нарийссаар байна. Хэрэв тэд хүүхдүүдийг хүчирхийлэхэд технологийг ашиглаж байгаа бол бид ч ижилхэн технологийг тэдний гэмт үйлдлийн эсрэг ашиглах болно” гэжээ. Хорио цээрийн үеэр бид технологийн давуу тал гайхамшгийг мэдэрч байгаа ч интернет хэрэглээнээс үүсэх эрсдэл аюулаас хамгаалах нөөц бололцоог ашиглах нь зүйтэй. Та дээрх аргуудыг ашиглан хүүхдийнхээ онлайн орчин дахь аюулгүй байдлыг хангахаас бүү хойрголоорой.